Friday, March 9, 2018

Хайр урлъя


Амлалтандаа багтаж чамтай хамт өтөлмөөр
Ангир цээжиндээ нааж хайрын сайхныг амтлая
Арга нь олдохгүй хорвоод үнэн сэтгэлээр холбогдоод
Амьсгалаа тасартал чамтайгаа мөнхийн хайр урлая
Буцаахгүйгээр өгсөн зүрхээ бүтэн байлгамаар
Бусдаас ялгарч итгэлээ бялхатал хайрлалцая
Бундан зүрхээ хайраар бялхааж урвахгүйгээр наамаар
Бурхан хүртэл атаархам чин хайрыг бүтээцгээе
Алдана гэж хайрыг бүтээдэггүй болохоор
Амраг минь чи аль болох хүлээцийг нэгт тавиарай
Ам дамжсан цуу ярианд сэтгэлээ сэвтүүлэлгүй
Асгарсан их хайраа бүтнээр нь үүрд хадгалаарай
Бүтээнэ л гэж бүх л хайраа зориулах болохоор
Бүтэн байлгахыг хичээх сэтгэл бидэнд хэрэгтэй
Бүүдгэр бараан бүхнийг итгэлцэлээр гэрэлтүүлээд
Бүжгийн хэмнэл шиг донжыг нь тааруулж амьдаръя

Monday, March 5, 2018

Чи эргэж ирэх үү


Нулимсаныхаа сүвийг онгойтол уйлвал чи ирэх үү
Нууцлагдмал үнэнээ ил гаргавал чи эргэж ирэх үү
Нуга дэнжийн цэцэгсийг хагдартал хүлээвэл чи ирэх үү
Нуураа сахиад өвөлжин харуулдвал эргээд наддаа ирэх үү
Илүүг харах сэтгэлээ алсад цөлчихвөл чи ирэх үү
Ичингүйрсэн төрхийг чинь санаад байна гэвэл чи ирэх үү
Ижил тавилангаа холбоё гэж гуйвал чи ирэх үү
Ирж буцахын орчлонд чамтай л байя гэвэл чи ирэх үү
Омголон зүрхээ чиний хайраар дүүргэе гэвэл чи ирэх үү
Од нь үгүй тэнгэр шиг бүрхээд байна гэвэл чи ирэх үү
Ой ухаан минь балартаад бодогдоод байвал чи ирэх үү
Ороо азрага шиг хүслээ чамд тушуулья гэвэл чи ирэх үү
Барьсан тавьсанаа мартаад уймраад байвал чи ирэх үү
Бариандаа яарах хүлэг шиг тэмүүлээд байвал чи ирэх үү
Байсан газраасаа хөдлөлгүй хүлээж суувал чи ирэх үү
Баларч арилахгүй дурсамжаа шинээр бичье чи ирээч

Зурж орхисон дурсамж


Чиний явсан намар зүрхэн нуур мөсөөр хучигдсан
Чилийсэн урт өдрүүдэд нар төөнсөн ч гэсээгүй
Чамайг гэсэн сэтгэл ширгээд шалбааг ч үлдээгүй
Чамаас надад үлдсэн нь эдгэхгүй сорив л байна
Зурж орхисон дурсамж чинь бодол санааг сийчсэн
Зуурдын жаргал амсуулаад ахиж хэрэглэхгүй болгосон
Зузаан дэвтрийн хуудсанд хар барааныг шивчихээд
Зулзагалж нахиалах үндсийг нь ховх татаат хаячихсан
Халуун элсэн цөлд ус ч үгүй хаяад явахдаа
Хатаж ангасандаа үхчихэж магадгүй гэж бодох сөхөө байсан уу
Хатуу гэхэд хэт дэндүүг нүдээ ч дальдрахгүй үзүүлчихээд
Хайр найргүй тамлал дунд яаж шаналсаныг мэдэх үү чи
Энэ гомдлолыг эмчлэх хугацааг хүлээсээр л
Эрж хайж бэдэрсээр орчлонгийн тосыг хөдлөгсөөр л
Элээж дуусахгүй тавиланд зовлонд унагааж чадсан чамд
Эгэлгүй хайраа олсон бол над шиг бүү гишгэлээрэй