Thursday, March 3, 2016

Хэтэрхий их хайртай болохоор


нулимс чинь урсах цагтаа энгэрийг минь чи санадаг байх
нууцхан гуниглах мөчид үгсээр минь чи дутдаг байх
нүгэлтэй хорвоод бүдрэхдээ гарыг минь чи үгүйлдэг байх
нүцгэрч сэтгэлдээ ганцаардахдаа тэврэлтийг минь чи дурсдаг байх аа
харин...
жаргал дүүрэн инээмсэглэхдээ чи дүрийг минь бодолоосоо арччихдаг
жавар үргэж наран ээхэд дурлалыг минь салхинд дайгаад явуулчихдаг
дурлал хайрандаа бялуурхаараа дурсамж болгон түгжээд тэнгист живүүлчихдэг
дуулж хөгжиж наадахаараа дарсныхаа шавхруутай цуг намайг асгачихдаг....
тийм ээ......
саарал хорвоод согтуурхаараа дэргэдээсээ чи намайг хайдаг
санасан юм шиг аашилж хайрын үгс шивнэдэг
сарны мишээлд цэнгэхдээ үнэрийг минь мартагнаж орхиод
сархад шиг нялуун амрагтаа эрхлэн нялхарч уусдаг........
гэхдээ......
гунигийн нулимсыг чинь арчих алчуур болсондоо харамсдаггүй ээ би
гутарсан сэтгэлийг чинь баясгагч алиалагч байгаадаа ч харамсдаггүй ээ.....
хэрэгтэйдээ санаж хэрэггүйдээ хаядагт чинь ч гомддоггүй
хэтэрхий их хайртай болохоор чамаасаа би юу ч нэхдэггүй ээ........
М.Батнайдвар
Ааш ялдам бүсгүй дарс шиг тансагхан байсан
Амт тансаг дарс яг л бүсгүй шиг янагхан байсан
Үнэр анхилам цэцэг бүсгүй шиг танхилхан байсан
Үзэсгэлэн гоо бүсгүй яг л цэцэг шиг хээнцэрхэн байсан
Бүсгүй дарс хоерт би гунигаа мартаж согтном
Бүсгүй цэцэг хоертой болзоонд учирч мансуурнам
Бүсгүй дарс хоерт уруул завгүй сүжирч
Бүсгүйд цэцгэн баглаагаар дурлал урлан бэлгэлнэм
Ж.Баянмөнх

Уулзах‬ юмсан

Бүлээн зүрхний нандин зохилт минь
Бүтэн амьдралын ганцхан гэгээ минь
Булиглах зүрхний гол судас чамтайгаа
Буцаад ганцхан л уулзах юмсан даа
Хайр минь
Зүрхэнд гэрэлтэх нар минь байсан
Зүйргүй жаргалын эхлэл юмсан
Зөндөө хайрын ундрага байжээ
Зүүд шиг өнгөрсөн цаг хугацаа минь
Чамгүйгээр төсөөлөгдөхгүй
Азтай хүн би л байсан юм шүү
Амраг чамайгаа олоод л тэр
Аяа миний жаргал дэндүү сайхан
Азтай одтой байсан болхоороо
Удаан хамт байсангүй дээ
Бурхан чамаар минь хайрлуулах гээд
Буцаагаад надаас авсан юм байлгүй
Борхон зүрхний минь гэгээн хайрыг
Бодол сэтгэлээс минь авж чадахгүй
Тэр чинь миний амьдралын хөг юм
Сэтгэлд хамт л байгаа хажууд юм шиг
Санаа алдхад мэдэрч л байгаа хамт
Сэрмээргүй зүүдэнд минь тэврээд
Сэтгэл зүрхийг минь дулаацуулдаг
Хамтдаа л байгаа бодолд минь
У.Цээгий

Санаж байна уу хайрт минь

Санаж байна уу хайрт минь тэр нэгэн болзоогоо
Саран мишээж одод түгсэн тэр сайхан үдшээ
Чихэнд минь хайрын үгсээ зөөлхөн шивнэж байснаа
Зүрхэнд минь дурлалын галыг хүчтэйхэн асааж байснаа
Чи минь санаж байна уу?
Чин сэтгэл чинь догдолж байна уу?
Үүрд хамтдаа гэж амласан амлалтыг чинь
Үргэлж дэргэд чинь гэж хэлсэн үгийг чинь
Хөөрхөн шүү гээд энхрийлсэн гарыг чинь
Хайртай шүү гээд үнссэн уруулыг чинь
Би одоо ч санадаг
Бодох бүр зүрх минь догдолдог
Эрт үеийн дурсамжууд ийм гэгээнээрээ байхад
Эргээд ирэх цаг чинь болоогүй л байна уу хайрт минь
Холоос ирэх замдаа будилж төөрсөн байлгүй дээ гээд
Хонгор сэтгэлээ аргадаад хүлээж суугаа шүү хайрт минь...

Мөрөөдлийн бүсгүй


Тэр бүсгүй улам л хөөрхөн болоод
Тэмүүлэх сэтгэлийг минь улам татсан ч холдоод
Тэвдэж хэлсэн үг минь сэдвээ сольж одоод
Тэвэртээ шөнө бүр зүүдэлж нууцхан чамайг мөрөөдсөөр
Дөлж холдох тусам чинь шунал намайг ачааллаж
Дөрөөнд ерөөл өргөн эрлийн замд минь үднэ
Өрөөлтэй морь шиг зориг минь араас чинь сэмхэн гэтнэ
Өрөвдүүлж зүрх минь тархинаас хайрын дуу гуйна
Би чамайг барианы газар хүртэл дагана
Битгий эргэж хараарай үнэн тэндээс үргэчихнэ
Үнэлэмж сэтгэл 2 минь зөрчилдөн байгаа хэдий ч
Үнэ цэнэ нь адагтаа мөнхөд чамайг хайрлана
Ингэж удаан нэхсэнээр эрхэм болно наддаа
Итгэж насан туршдаа тэврэн сууна чамайгаа
Алтан гадас шиг мөнхөд дэргэд чинь заларна чинийхээ
Аминаас эрхэм амиар арвижин бүлжинэ
Чи миний мөрөөдлийн бүсгүй

Wednesday, March 2, 2016

Би чамд хайртай

Хээр талын нүүдэл, хиргисүүр булш бичээстэй
Хэн ч надаас булаахгүй миний эх оронд
Чи минь төрсөн болохоор би чамдаа дурласан
Цайдам хөндийн зэрэглээ,говийн бор толгодтой
Цагийн цагт амьдрах бор эсгий гэрт
Чи минь төрсөн болохоор би чамдаа дурласан
Аниргүй ганхах цэцэгс, уулсын бүлээн сүүдэртэй
Амьдралд өнгө нэмсэн ар дэнжийн зусланд
Чи минь төрсөн болохоор би чамдаа дурласан
Цуутай хатдын зүрх, газар доор булаастай
Цусны үнэртэй хөрс өвгөдийн булштай талд
Чи минь төрсөн болохоор би чамдаа дурласан
Би чамдаа дурласаан, дурлах л гэж дурласан
Бийр барьсан зураачаар хос зүрхээ зуруулаад
Хамтдаа амьдаръя гэж би чамдаа дурласаан.
Хэзээ нэгэн цагт чамтайгаа би учирна аа гэж
Хээрийн бүдэг жимээр орь ганцаар алхахдаа
Одоо цагийн хайраа зүрхэн дээрээ биччихээд
Огтоос чамдаа ирэх гэж улирал бүхнийг туулсан шүү.
Би
Чулуунд дуссан нулимсаар болор үсэг зурж
Чуулах шувуудын жигүүрт салхи болон зүүгдэхдээ
Мөнхийн тэр хайран дээр амьд цэцэг тарих гэж
Мөнгөн шүүдэр дэвслэн зуныг хүртэл туулсан шүү.
Би
Нойрмог цагаан хунгийн уруул шүргэм нууранд
Номхон томоотой модны навчис болон унахдаа
Гүйцэд өдлөөгүй дурлал дээр хайр болон мөнхрөх гэж
Гүймэг хурдан ажнай шиг намрыг хүртэл туулсан шүү.
Би
Бүүвэйн дуу тасраагүй жавартай талын гэрт
Бүтэл муутан ирэх вий гэж хагас нойртой хонохдоо
Цаг цагийн замиланд чамайг олоод амьдарья гэж
Цасан хунгарт мөлхсөөр өвлийг хүртэл туулсан шүү.
Би
Тэртээ тэнгэрийн хаяанд нар гийсэн өглөө
Тэнхэрч чадаагүй хөрсөнд яргуй болон ургахдаа
Баясаж гүйсэн хөлд чинь ганц ч болов тээгэлье гэж
Бага балчир зүрхээрээ хаврыг хүртэл туулсан шүү.

Захидал


Бодлоос үргэлж зүүгдэн сэтгэл даллан шаналгаж
Борхон зүрхний хэмнэл уянгын аястай хорших шиг 
Харахгүй бол тэсэхгүй тэвчээр гижигдэн уйлуулж 
Хатуу дарс балгасан шиг хөлчүүхэн байнаа бүсгүй минь
Зүүрмэглэх шөнийн дунд ганцаардалд эзэмдүүлэн шаналавч
Зүрхний гүнд нуугдах хайр намайг аргадаж 
Тавилан холын чамд минь дуулах үгсийг зөөх гэж 
Тагжигар үзэг минь уйлж итгэлийн шүлэг тэрлэнэ
Өнгө мөнгөнд шунадаггүй сэтгэл болоод тэрүү 
Өөрийн чинь гоо үзэмжийг магтан дуулъя гэсэнгүй 
Үүрдийн амлалт гэдэг хуурамч болоод тэрүү 
Үнэнч л байвал болоо өөрийг би хүссэнггүй
Амьдралыг би арван хуруу шигээ мэдэхгүй ч 
Амьдрахыг одоо хүнээр заалгаад хэвтэхгүй 
Оршихыг би хэдий хүртэлхийг мэдэхгүй ч 
Олдсон энэхэн заяагаа өнөөдөр алдахыг хүсэхгүй
Наслал минь намайг ухаажуулсан гэж 
Намбатай царайлж худал хэлэхгүй 
Нартад ганцхан амьдрахын учир 
Надаас чамруу тэмүүлэх сэтгэлд зам тавиач
Бүлээрсэн гарыг чинь өвлөөр би дулаацуулъя
Бүрэнхийг үргээж шөнийг гэрэлтүүлээч нар минь 
Сайхан чинийхээ зүрхэнд сарнайн төгөл ургуулъя
Санчиганд минь буурал суутал мөрийг минь дэрлээч бүсгүй минь

Tuesday, March 1, 2016

Шүлэг

Хар сүүдэр дайраагvй хамгийн сайхан эрдэнэ минь
Халуун зүрхэнд хадагдсан хайрын заяат хөрөг минь
Хан хорвоог эвлүүлсэн хатан сүйхт амраг минь
Хамгийн сүүлчийн амьсгал дээр нулимс нэхэх үйлтэн минь.
Намайг илчгүй явахад нарнаас шидэгдсэн гэгээ минь
Нандин сэтгэлд мандах гэж сарнаас нүүсэн туяа минь
Газарт харвасан солир шиг эргэж одохгүй эрхэс минь
Ганцхан надтай үлдээд амьдрал дуусгах тvшиг минь.
Будант уулсаас хайсан миний зүүдний цуурай минь
Бурханы мутраас унасан хайрын тарнитай цэцэг минь
Эцэг өвгөдийг ч тоолгүй надруу тэмүүлсэн язгууртан минь
Энэ зууны талыг хамтдаа туучих хань минь.
Чамдаа би хайртай .