Monday, May 31, 2021

Би чамайг хүлээж амьдарсан

Зүрх минь чиний хөлийн мөрний чимээ болон үлдлээ.

Paul walerei

Friday, March 9, 2018

Хайр урлъя


Амлалтандаа багтаж чамтай хамт өтөлмөөр
Ангир цээжиндээ нааж хайрын сайхныг амтлая
Арга нь олдохгүй хорвоод үнэн сэтгэлээр холбогдоод
Амьсгалаа тасартал чамтайгаа мөнхийн хайр урлая
Буцаахгүйгээр өгсөн зүрхээ бүтэн байлгамаар
Бусдаас ялгарч итгэлээ бялхатал хайрлалцая
Бундан зүрхээ хайраар бялхааж урвахгүйгээр наамаар
Бурхан хүртэл атаархам чин хайрыг бүтээцгээе
Алдана гэж хайрыг бүтээдэггүй болохоор
Амраг минь чи аль болох хүлээцийг нэгт тавиарай
Ам дамжсан цуу ярианд сэтгэлээ сэвтүүлэлгүй
Асгарсан их хайраа бүтнээр нь үүрд хадгалаарай
Бүтээнэ л гэж бүх л хайраа зориулах болохоор
Бүтэн байлгахыг хичээх сэтгэл бидэнд хэрэгтэй
Бүүдгэр бараан бүхнийг итгэлцэлээр гэрэлтүүлээд
Бүжгийн хэмнэл шиг донжыг нь тааруулж амьдаръя

Monday, March 5, 2018

Чи эргэж ирэх үү


Нулимсаныхаа сүвийг онгойтол уйлвал чи ирэх үү
Нууцлагдмал үнэнээ ил гаргавал чи эргэж ирэх үү
Нуга дэнжийн цэцэгсийг хагдартал хүлээвэл чи ирэх үү
Нуураа сахиад өвөлжин харуулдвал эргээд наддаа ирэх үү
Илүүг харах сэтгэлээ алсад цөлчихвөл чи ирэх үү
Ичингүйрсэн төрхийг чинь санаад байна гэвэл чи ирэх үү
Ижил тавилангаа холбоё гэж гуйвал чи ирэх үү
Ирж буцахын орчлонд чамтай л байя гэвэл чи ирэх үү
Омголон зүрхээ чиний хайраар дүүргэе гэвэл чи ирэх үү
Од нь үгүй тэнгэр шиг бүрхээд байна гэвэл чи ирэх үү
Ой ухаан минь балартаад бодогдоод байвал чи ирэх үү
Ороо азрага шиг хүслээ чамд тушуулья гэвэл чи ирэх үү
Барьсан тавьсанаа мартаад уймраад байвал чи ирэх үү
Бариандаа яарах хүлэг шиг тэмүүлээд байвал чи ирэх үү
Байсан газраасаа хөдлөлгүй хүлээж суувал чи ирэх үү
Баларч арилахгүй дурсамжаа шинээр бичье чи ирээч

Зурж орхисон дурсамж


Чиний явсан намар зүрхэн нуур мөсөөр хучигдсан
Чилийсэн урт өдрүүдэд нар төөнсөн ч гэсээгүй
Чамайг гэсэн сэтгэл ширгээд шалбааг ч үлдээгүй
Чамаас надад үлдсэн нь эдгэхгүй сорив л байна
Зурж орхисон дурсамж чинь бодол санааг сийчсэн
Зуурдын жаргал амсуулаад ахиж хэрэглэхгүй болгосон
Зузаан дэвтрийн хуудсанд хар барааныг шивчихээд
Зулзагалж нахиалах үндсийг нь ховх татаат хаячихсан
Халуун элсэн цөлд ус ч үгүй хаяад явахдаа
Хатаж ангасандаа үхчихэж магадгүй гэж бодох сөхөө байсан уу
Хатуу гэхэд хэт дэндүүг нүдээ ч дальдрахгүй үзүүлчихээд
Хайр найргүй тамлал дунд яаж шаналсаныг мэдэх үү чи
Энэ гомдлолыг эмчлэх хугацааг хүлээсээр л
Эрж хайж бэдэрсээр орчлонгийн тосыг хөдлөгсөөр л
Элээж дуусахгүй тавиланд зовлонд унагааж чадсан чамд
Эгэлгүй хайраа олсон бол над шиг бүү гишгэлээрэй

Sunday, February 25, 2018

........ЧАМГҮЙГЭЭР........


Чамайг байхгүй бол...
Тэртээд мандсан наран,жаргахаа байгаад үдэлчихнэ
Тэнгэрт нүүдэлсэн үүлс,замхархаа байгаад бүүдийчихнэ
Дэнжийн алаг цэцэгс,ургахаа байгаад халзарчихна
Дэндүү сайхан гэмээр хайрын минь,гал бөхөөд гундчихна...
Чамайг байхгүй бол...
Нуурандаа ирдэг хун,цуглахаа байгаад эзгүйрчихнэ
Нутгаа зорисон шувууд,зэллэхээ байгаад хоосорчихно
Нэвсийтэл ордог цас,хаялахаа байгаад харлагтчихна
Насны минь хайр цөхрөөд,зэрэглээ болоод сарничихна...
Чамайг байхгүй бол...
Зун гэж байхаа болоод,мөнхийн өвлөөр хуччихна
Зүрхнийхээ гүнд нандигнасан хайр минь,булш болоод чулуужчихна...
Зүсэрч орсон борооны араас, солонго татаж,гийхээ байчихна
Чамайг байхгүй бол чиний гэх орон зай эзгүйч, хувь тавилан минь үүрд төөрчихнө...

Thursday, February 22, 2018

нэргүй

Надад ирэх дуудлага бүрийг чамайг болов уу гэж горьдоно
Надад шивнэх үгс бүр чиний тухай болов уу гэж догдлоно
Намайг хайрлаагүй дээ харамсдаг болов уу гэж бодогдоно
Намайг хаяахан боддог болов уу гэж өөрийгөө сэмхэн хуурна

Итгэж хайрлаж явсан ч чамаас холдсондоо өөрийгөө зүхнэ
Инээмсэглэж байгаа ч дотроо гуниглаж сэтгэлээ аргадана
Харц буруулан холдсон ч зүрхээ чангалах гэж зүтгэнэ
Харамсаж байгаа ч чамдаа хэлэхгүйгээр өөртөө л хадгална

Чамтай зугаалдаг байсан газар минь яг л тэр хэвээрэй
Чамаас сонсдог байсан үг одоо хүртэл шинээрэй
Чиний минь инээх төрх одоо ч бодолд минь хэвээрэй
Чамаас авсан сайхан дурсамж бүр тэр чигээрэй

Санахаас өөр юу ч хийж чадахгүй байгааг минь уучлаарай
Салж холдох гэж чамтайгаа уг нь учраагүй л юм
Сайхан гэгээн бүхнийг төсөөлж уг нь гарыг нь атгасан юм
Сайн сайхныг хүсэхээс өөр аргагүй болсонг минь уучлаарай

Wednesday, February 7, 2018

"Нулимстай хайр"


Сарны цагаан өмсгөлийг хирттэл би чамайг зүүдэлсэн чи ирээгүй
Санахын их холд зөндөө удаан алхсан чи таараагүй
Зөрж өнгөрөх бүгдээс чамайг би хайсан чи харагдаагүй
Зөөлөн үлээх салхинаас үнэрийг чинь би эрсэн чиний үнэр надад мэдрэгдээгүй
Цаг хугцааны зам дээр ганцаар зогсож би чамайг хүлээсэн
Хэнч намайг анзааргүй ,нулимс л намайг аргадсан ,чи ирээгүй
Цагийн зүү зүрхний цохилтын хэмнэллээр сар жил өнгөрсөн
Хэнч тэрийг тоолоогүй ,нулимсны минь дусалаар л хэмжигдсэн
Чамайг ямар их санаж байгаагаа хэлх үг надад эвлэхгүй, гашуун байсан
Чамаас ямар хол төөрсөнөө анзаарах ухаан надад байгаагүй,харанхуй байсан
Зүгээр л би чамаар зөндөө их уйлсан нүдээ биш зүрхээ хавдтал уйлсан
Зүг чиггүй ганцаардалын орон зайд бүдрэхдээ,чухам л би чамаар уйлсан
Бүтэн нэгэн амьдрал алгасаж заяа төөрсөн их хайр минь
Бүтэн нэгэн биеээр минь нэвчиж намайг уйлуулсан их нулимс минь
Хуртай зуны тэнгэр шиг би чамаар яасан их асгарваа хайр минь
Хултай айраг шиг сэтгэл минь чамаар яасан их цэлэлзвээ нулимс минь

Saturday, December 30, 2017

Нэргүй шүлэг

Нууж дийлээгүй нулимсанд минь гомдол асгарч
Нимгэн тэрлэг шиг сэтгэл тэрүүхэндээ нэвтэрч
Санахын их дайдад чамаар би өвчилж ганцаардаад
Сарны асгарсан туяанаас зүүдээ нэхэж сэрүүн хонох нь гачлантай
Үнсэхэд үлдсэн уруулын будаг чинь арилаагүй шинээрээ байна
Тэврэхэд шингэсэн сүрчигний үнэр чинь саринаагүй гоёмсогоороо байна
Үнэндээ чи надад алга сэтгэл хоосон байна
Тэртээх жилүүдийн их дурдатгал бодол цуцааж намайг ээрэх нь гаслантай
Нэхэл ихтэй хайраар элгэндээ бэтгэрч
Нэг л насны хүслээр эр бие минь бэдэрч
Ганцхан чамайг үгүйлэн саналаа ч
Гараас чинь хөтлөх заяа дутуухан тавилангаа би яалтай
Он жил ирсээр, он жил одсоор л дэлхий эргэдгээрээ эргэсээр
Одоо ч би чамд хайртай хэвээрээ яг л анх учирсан шигээ
Чамаас сонссон бүлээн үг бүхнээр чинь дутахдаа
Чанад холын мөрөөдөлдөө нэг ийм хайраа бусдаас би нуучихсан
Инээгээд угтдаг арван наймтай жаахан охин
Ирээд тэвэрдэг нь зүүд мэт саринаад сэтгэл эзгүйрчихэж
Ичингүйрэнхэн үнсдэг улаахан уруул чинь бусдын мэдлийхн болоод
Их л алсын харамлалаас минь аль хэдийнээ явчихаж
Омголон явсан насыг минь оосорлож аргамжсан хайр минь
Оонын хоёр эвэр шиг даанч ижилдээгүй амраг минь
Ухаан дутуухан насыг минь уудалж ирсэн хонгор минь
Уулзвар нийлээгүй замаас минь салаад одсон амьдрал минь

Дурсаарай


Өвгөд минь өдөртөө нэг бууж мордох шиг амирлан 
Өөр нэгэнд хэлж чадаагүй үгс сэтгэлд тороод гуниглан 
Өөрийн алдааг бусдаас нэхэх шиг өрөвдөм
Өнчин хайлаас бөхийж доошлох шиг харамсам
Надаас урссан нулимасыг харах гэж битий хичээ
Хатсан сэтгэл аргасан нүднээс гунигийг минь олж чадахгүйээ
Чиний өмнө миний зүрх нээгдэх нь юу л бол
Чи магадгүй он цагыг зүхэж мэдэх 
Өөрийн минь тухай үлгэр зохиож ярих болвол 
Өөрөө чи намайг мэддэг юм шиг битий нэмээрэй
Өнгөрсөнд минь чиний орон зай үлдээгүй бол 
Өөр нэгний түүхээр орлуулж битий дурсаарай
Харцандаа гунигтай ч нүүрэндээ инээмсэглэлтэй байсаныг минь
Хааяахан ганцаараа дуулж суухдаа уйлдаг байсаныг минь
Магадгүй хэний ч мэдэхгүй бас мэддэг юм шиг санагддаг
Мэдэхгүйн зайд мэндлээд өнгөрсөн даль байсаныг минь
Он цагтаа уралдаж орчлонгоос тэгээд буцсан үед минь
Олж харсан юм шиг дурсаарай...
S.B.,