Wednesday, March 2, 2016

Захидал


Бодлоос үргэлж зүүгдэн сэтгэл даллан шаналгаж
Борхон зүрхний хэмнэл уянгын аястай хорших шиг 
Харахгүй бол тэсэхгүй тэвчээр гижигдэн уйлуулж 
Хатуу дарс балгасан шиг хөлчүүхэн байнаа бүсгүй минь
Зүүрмэглэх шөнийн дунд ганцаардалд эзэмдүүлэн шаналавч
Зүрхний гүнд нуугдах хайр намайг аргадаж 
Тавилан холын чамд минь дуулах үгсийг зөөх гэж 
Тагжигар үзэг минь уйлж итгэлийн шүлэг тэрлэнэ
Өнгө мөнгөнд шунадаггүй сэтгэл болоод тэрүү 
Өөрийн чинь гоо үзэмжийг магтан дуулъя гэсэнгүй 
Үүрдийн амлалт гэдэг хуурамч болоод тэрүү 
Үнэнч л байвал болоо өөрийг би хүссэнггүй
Амьдралыг би арван хуруу шигээ мэдэхгүй ч 
Амьдрахыг одоо хүнээр заалгаад хэвтэхгүй 
Оршихыг би хэдий хүртэлхийг мэдэхгүй ч 
Олдсон энэхэн заяагаа өнөөдөр алдахыг хүсэхгүй
Наслал минь намайг ухаажуулсан гэж 
Намбатай царайлж худал хэлэхгүй 
Нартад ганцхан амьдрахын учир 
Надаас чамруу тэмүүлэх сэтгэлд зам тавиач
Бүлээрсэн гарыг чинь өвлөөр би дулаацуулъя
Бүрэнхийг үргээж шөнийг гэрэлтүүлээч нар минь 
Сайхан чинийхээ зүрхэнд сарнайн төгөл ургуулъя
Санчиганд минь буурал суутал мөрийг минь дэрлээч бүсгүй минь

No comments:

Post a Comment