Wednesday, March 2, 2016

Хэзээ нэгэн цагт чамтайгаа би учирна аа гэж
Хээрийн бүдэг жимээр орь ганцаар алхахдаа
Одоо цагийн хайраа зүрхэн дээрээ биччихээд
Огтоос чамдаа ирэх гэж улирал бүхнийг туулсан шүү.
Би
Чулуунд дуссан нулимсаар болор үсэг зурж
Чуулах шувуудын жигүүрт салхи болон зүүгдэхдээ
Мөнхийн тэр хайран дээр амьд цэцэг тарих гэж
Мөнгөн шүүдэр дэвслэн зуныг хүртэл туулсан шүү.
Би
Нойрмог цагаан хунгийн уруул шүргэм нууранд
Номхон томоотой модны навчис болон унахдаа
Гүйцэд өдлөөгүй дурлал дээр хайр болон мөнхрөх гэж
Гүймэг хурдан ажнай шиг намрыг хүртэл туулсан шүү.
Би
Бүүвэйн дуу тасраагүй жавартай талын гэрт
Бүтэл муутан ирэх вий гэж хагас нойртой хонохдоо
Цаг цагийн замиланд чамайг олоод амьдарья гэж
Цасан хунгарт мөлхсөөр өвлийг хүртэл туулсан шүү.
Би
Тэртээ тэнгэрийн хаяанд нар гийсэн өглөө
Тэнхэрч чадаагүй хөрсөнд яргуй болон ургахдаа
Баясаж гүйсэн хөлд чинь ганц ч болов тээгэлье гэж
Бага балчир зүрхээрээ хаврыг хүртэл туулсан шүү.

No comments:

Post a Comment