Thursday, March 3, 2016

Хэтэрхий их хайртай болохоор


нулимс чинь урсах цагтаа энгэрийг минь чи санадаг байх
нууцхан гуниглах мөчид үгсээр минь чи дутдаг байх
нүгэлтэй хорвоод бүдрэхдээ гарыг минь чи үгүйлдэг байх
нүцгэрч сэтгэлдээ ганцаардахдаа тэврэлтийг минь чи дурсдаг байх аа
харин...
жаргал дүүрэн инээмсэглэхдээ чи дүрийг минь бодолоосоо арччихдаг
жавар үргэж наран ээхэд дурлалыг минь салхинд дайгаад явуулчихдаг
дурлал хайрандаа бялуурхаараа дурсамж болгон түгжээд тэнгист живүүлчихдэг
дуулж хөгжиж наадахаараа дарсныхаа шавхруутай цуг намайг асгачихдаг....
тийм ээ......
саарал хорвоод согтуурхаараа дэргэдээсээ чи намайг хайдаг
санасан юм шиг аашилж хайрын үгс шивнэдэг
сарны мишээлд цэнгэхдээ үнэрийг минь мартагнаж орхиод
сархад шиг нялуун амрагтаа эрхлэн нялхарч уусдаг........
гэхдээ......
гунигийн нулимсыг чинь арчих алчуур болсондоо харамсдаггүй ээ би
гутарсан сэтгэлийг чинь баясгагч алиалагч байгаадаа ч харамсдаггүй ээ.....
хэрэгтэйдээ санаж хэрэггүйдээ хаядагт чинь ч гомддоггүй
хэтэрхий их хайртай болохоор чамаасаа би юу ч нэхдэггүй ээ........
М.Батнайдвар

No comments:

Post a Comment